Tuesday, July 17, 2012

Шинэ толь 2010/1, №68

Ардчилсан хувьсгалын ололт, сургамж
Э. Бат-Үүл, Улсын Их Хурлын гишүүн

Монголчууд ардчилсан хувьсгалаа хүчирхийлэлгүйгээр хийж чадсан нь энэ үеийн гол онцлог. Монголын ард түмний хүчирхийлэлгүй хувьсгалыг бахдаж АНУ-ын конгрес,дэлхийд үлгэр жишээ болохуйц ардчилсан хувьсгалыг монголчууд хийлээ гэсэн утгатай тогтоол гаргаж байсан. Европын парламент ч мөн ийм утга бүхий тогтоол гаргаж байлаа. Тэд тогтоол гаргаад зогсохгүй ардчиллын зам руу шуурхайлан орсон манай улсыг бодитойгоор дэмжиж эхэлснийг нэхэн санахад таатай байна.
Миний бодоход асуудлын гол нь ардчилсан хүчний удирдагчид хувьсгалыг хүч хэрэглэхгүй хийх зарчмыг тууштай баримталж байв.

Ардчиллын Өрнөдийн үнэт зүйлс ба Монгол Улс: Харьцуулсан хандлагыг олон улсын шалгууруудаар тодорхойлох нь
Дэвид Снийт, Кембриджийн их сургууль
«Ардчилал» хэмээх нэр томъёоны задаргаа төгс төгөлдөр бус учир бид үүнд нийгмийн антропологчдын хэлдгээр «угсаатны зүй»-н үүднээс хандах нь дээр бөгөөд янз бүрийн улс төрчид, судлаачдаас энэхүү нэр томъёог практик дээр ашиглаж байгаа арга хэлбэрийг судлах нь зүйтэй гэж би мэтгэлцэх байна. Өнөөгийн барууны ардчилсан улс орон гэгдэх улс төрийн тогтолцооны аль нь чиг нүд ирмэхийн зуур бий болоогүй юм. Тэд бүгд л хөгжиж ирсэн бөгөөд одоо ч өөрчлөгдсөөр л байна. Энэ бол тодорхой үйл явдал, хямрал, зохицлоор улс төрийн бүтэц, түүний оршин тогтнох нөхцөлийг бүрдүүлж байгаа улс төрийн өргөн соёл байнга өөрчлөгдөж ирсэн түүхэн болоод тохиолдлын үйл явцын үр дүн юм. Үнэхээр, ардчиллыг хэмжих гэсэн өрнөдийнхний оролдлого нь тийм үйл ажиллагаа нь үнэт зүйлсийн тогтолцоотой, мөн Пьер Бурдьёгийн «нийтлэг итгэл үнэмшилд суурилсан мэдлэг» гэж томъёолсон улс төрийн дэглэмийн шаарддаг маргашгүй ойлголт, үнэт зүйлстэй салшгүй холбогдоод байгаа арга хэлбэрийг нээн харуулж байна.

Орос-Монголын харилцааны соёл иргэншлийн үндэс
А.С. Железняков, ОХУ-ын ШУА-ийн профессор

Монгол улсын ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийн сүүлийн хорин жил нь Алс дорнод дахь Оросын жинтэй үүрэг ролийг хадгалан үлдээхэд эергээр нөлөөлж, манай орны харилцааг “хүйтэн дайны” нөхцөл дэх хамтын тусгаарлагдмал байдлаас олон улсын нээлттэй, олон талт, илүү шинэлэг, идэвхитэй түвшинд аваачсан юм. Энэ илтгэлийн сэдвийг би Монгол – Оросын соёл иргэншлийн харилцан нөлөөллийн үндсэн хүчин зүйлс болон динамикт дүн шинжлэл хийх замаар нээн харуулахыг эрмэлзсэн юм.

Ардчилагдах үйл явц ба Монгол улс
Дамбын Ганбат (PhD), УТБА-ийн захирал

Сүүлийн хэдэн зуун жилийн турш монголчуудын сэтгэлдээ тээж ирсэн эрх чөлөө, тусгаар тогтнол нь Монгол улсад ардчиллын үйл явц өрнөсөн ХХ зууны сүүл үед л бодит биеллээ олох боломж бүрдсэн билээ. Анхны тайван цуглааны өдрөөс хойш нэгэнт 20 жил өнгөрчээ. Энэхүү хугацаанд олон нам оролцсон өрсөлдөөнт сонгууль ердийн үзэгдэл болж, ардчилсан Үндсэн хуулиар хүний эрх, эрх чөлөөг үнэт зүйл болгосон нийгмийн дэглэмийн үзэл санаа хөгжлөө олсоор байна. Дэлхийг бүхэлд нь хамарсан ардчиллын гурав дахь давалгаанаар улс төрийн дэглэм нь үндсээрээ өөрчлөгдсөн бусад улсын нэгэн адил бид уг шилжилтийн нийтлэг болон өвөрмөц сорилтуудтай тулгарсаар байна. Монгол улсад энэхүү ардчилагдах үйл явц хэрхэн өрнөж байна, ардчиллын чанар нь ямар байна, эл үйл явцыг ямар хүчин зүйлс тодорхойлж түүнд нөлөөлж байна, бусад улсад болж буй үйл явцаас бид юугаараа онцлог байна зэрэг нь бидний хувьд анхаарвал зохих бодит асуудал мөн юм.

Монголын ардчилсан шилжилтийн төсөөлөөгүй амжилт: Зөвлөлтийн дараахь Төв Азийн орнуудтай харьцуулах нь
Б. Сцолантай, Унгар улсын ШУА-ийн эрдэмтэн, судлаач

Коммунист нэг намын тогтолцоо нуран унасан 1990 онд ардчилалд амжилттай шилжихэд шаардлагатай гэж улс төр судлаачийн үздэг урьдчилсан нөхцөл Монгол Улсад хараахан бүрдээгүй байсан. Улс төрийн шинжлэх ухааны энгийн шалгуур үзүүлэлтээр Монгол улсад ардчилал цэцэглэн хөгжих боломж маш бага, бараг үгүй байсан.
1/ Эрчимтэй шинэчлэл өөрчлөлтийн үйл явц нь ихэнхдээ авторитар дэглэмээс ардчилалд шилжихэд нь түлхэц болж өгсөн Зүүн болон Зүүн өмнөд Азийн томоохон эдийн засагтай оронд байсан шиг үлэмж их баялаг Монгол Улсад байгаагүй.
2/ Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг бүхий Монгол улсад төрийн өмчийн болон хоршооллын үйлдвэр бүрэн давамгайлж байсан, мөн хүчтэй хувийн үйлдвэрийн салбар хөгжөөгүй байсан нь Өмнөд Солонгос, Тайваны адилаар ардчиллын хөшүүрэг болж өгөх бие даасан нийгмийн дунд анги гарч ирэхэд саад болж байсан.
3/ Коммунист тогтолцооны байгуулсан олон нийтийн байгууллагууд нь бие даасан төрийн бус байгууллага гарч ирэх орон зайг хязгаарлаж, хааж байсны улмаас биеэ даасан туршлагатай иргэний нийгэм бүрэлдээгүй байсан.
4/ Монгол Улсад коммунист тогтолцоо бүрэлдэхээс өмнө орчин үеийн парламентын ардчиллыг хөгжүүлж байсан туршлага байгаагүй.
5/ Эцэст нь хэлэхэд, Монгол улсад хүчтэй сөргөлдөгч хүчин үгүйлэгдэж байсны сацуу коммунизмыг эсэргүйцсэн түүхэн туршлага дутагдаж байсан.

Улс төрийн Боловсролын Академиас салбар аймгийнхаа оюутан (1, 2-р курс), сурагчдын дунд “Ардчилал бидний амьдралд” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлаж, шалгаруулан 1, 2, 3-р байр эзэлсэн материалыг нийтэлж байна. 

No comments:

Post a Comment