Tuesday, July 17, 2012

Шинэ толь 2007/1, №58

Д. Ганбат. Доктор. ХХ зууны ардчиллын хөгжил ба Монгол улс.
Энэхүү өгүүлэлд ардчилал судлалын арга зүйд тулгуурлан Монгол улсын ХХ зууны хөгжлийг хэрхэн үнэлж дүгнэх талаар дүгнэлт гаргасан юм. Чингэхдээ, дэлхийд болж байсан ардчиллын давалгаа (wave)-тай харьцуулж Монгол улсын Үндсэн хуулиудад тулгуурлаж улс төрийн хөгжлийн тоймыг дүрсэлсэн байна.
Монгол улс хэдийд ардчилсан болсон, ардчиллыг сэргээн тогтоосон юм уу, эсвэл шинээр тогтоосон юм уу зэрэг мэр сэр гардаг мэтгэлцээнд хариу өгөхийг зорьсон юм.

Ц. Мөнхцэцэг. Улс төр судлаач. Сүүдрийн засгийн газар эрх баригч хүчнийг хянах бодлогын механизм болох нь. Улс төрийн бодлого боловсруулах үйл явц нээлттэй бус, иргэний нийгмийн зүгээс тавих хяналт сул өнөөгийн Монголын нөхцөлд сүүдрийн засгийн газар улс төрийн үйл явцыг дотроос нь хянах үр дүнтэй хэрэгсэл болох боломжтой тул энэ асуудалд улс төрчид болон олон нийтийн анхаарлыг хандуулахыг зорьж энэхүү асуудлыг хөндөн тавилаа.
Ч. Тамир. МУИС-ийн багш, социологич. Иргэний нийгэм ба төр. Энгийнээр хэлэхэд иргэний нийгэм бол иргэд төрийг хянаж, төрд хариуцлага хүлээлгэж чаддаг тийм л хүмүүсийн нэгдлийг хэлж байгаа юм. Нөгөө нэг санаа бол иргэний нийгэм бол иргэд төр байхыг биш харин иргэн байхыг хүсдэг тийм нийгмийг хэлдэг. Дүгнэвэл иргэний нийгэм гэдэг бол жирийн иргэн сайхан амьдардаг тийм л нийгмийг хэлдэг ажээ. Энэ үүднээс өнөөгийн нийгмийг авч үзвэл монголд иргэний нийгэм төлөвших шат яагаа ч үгүй байгаа талаар өөрийн санаа бодлыг хэлэхийг зорьлоо.
Б.Дэлгэрмаа. Доктор. Иргэний нийгмийн төлөвлшилт ба эмэгтэйчүүдийн гүйцэтгэж буй үүрэг Иргэний нийгмийн талаарх эрдэмтдийн үзэл бодол, манай улсад иргэний нийгэм хөгжлийнхаа ямар загвараар явж байгаа, нийгэмд гүйцэтгэх буй эмэгтэйчүүдийн үүргийн талаар дурдсан байна.
С. Зүльфикар. Удирдлагын академийн багш, докторант. Пост-коммунист улсуудыг тухайлан харьцуулах нь. Нийгмийн шинжлэх ухаан тэр дотроо улс төрийн шинжлэх ухааны арга зүйд тулгуурлан улс орнуудын түүхэн хөгжил, өнөөгийн байдал, цаашдын хандлагыг харьцуулах, үүнд тулгуурлан улс төрийн харилцаанд нэвтрүүлэх, зайлшгүй анхаарах асуудлыг таамаглан, хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд бодлогын зөвлөмж томъёолж болдог ажээ. Харьцуулалтыг ердийн ажиглалт, статистик тоо баримт, бодит жишээн дээр тулгуурлан явуулж, систем түүнийг бүрдүүлж байгаа институт, улмаар үнэт зүйл, соёлыг тодорхой тогтсон арга зүй, аргачлалыг үндэслэл болгон судална.
Энэ удаад зарим талаар ижил төстэй, зарим талаар өөр хоорондоо мэдэгдхүйц ялгаатай гурван улс (Унгар, Казахстан, Монгол)-ыг харьцуулах зорилт тавьсан юм. Чухам юуг нь харьцуулах вэ? гэдэг нь нэг талаар харьцуулалт хийх судлагдахууны бүтэц, шинж чанараас хамаардаг бол нөгөө талаар цаг хугацаа, судлагдахуунд бий болсон түүхэн өөрчлөлтөөс шалтгаалдаг. Харин энэ удаа харьцуулалт хийх судлагдахуун маань пост-коммунист улсууд юм.
А. Болормаа. УТБА-ийн багш. Төрийн албаны удирдах ажилтныг сонгон шалгаруулах үйл явц. Монгол улсын төрийн албыг өндөр боловсрол, мэдлэг, ур чадвар бүхий албан хаагчдаар бүрдүүлэх нь төрийн зорилт, чиг үүргийг амжилттай хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг ард иргэдэд түргэн, шуурхай, хүртээмжтэй хүргэх нэг урьдчилсан нөхцөл болно.
Хууль тогтоомжид зааснаар иргэн төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалд анх орох тохиолдолд төрийн албаны мэргэшлийн шалгалт өгнө. Харин төрийн албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалт зарлаж, шаардлага хангасан иргэн энэхүү сонгон шалгаруулалтад орж, томилох эрх бүхий этгээд нь сонгон шалгаруулалтад орж тэнцсэн, холбогдох байгууллагаас санал болгосон иргэнийг томилох ёстой байдаг.
Энэ удаа Монгол улсын холбогдох хууль тогтоомжид зааснаар төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаал, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, төсвийн байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх дарга /захирал, эрхлэгч/-ийг хэрхэн сонгон шалгаруулах талаар та бүхэнд нэгтгэн толилуулж байна.
М. Болормаа. Эмэгтэй удирдагч сангийн тэргүүн. Нийгмийн хариуцлага ба төрийн албан хаагчийн ёс зүй. Төрийн албан хаагч гэж хэн болох, тэд ард иргэдэд хэрхэн үйлчилгээ үзүүлж чадаж байгаа эсэх, төрийн албан хаагчийн ёс зүйн хүрээнд ажиллаж байгаа эсэх асуудлыг хөндөж байна. Монгол оронд төрийн албан хаагчийн өнөөгийн дүр зураг ямар байна вэ? Таны амьдрал, ажилд сэтгэл зовоосон асуудлууд байна уу, эсхүл та үнэхээр сэтгэл хангалуун ажиллаж, амьдарч чадаж байна уу? гэсэн асуулт үргэлж хариултаа шаардсаар байдаг. Болж байгаа зүйлийн зэрэгцээ болохгүй байгаа, бидний сэтгэлийг зовоосон олон асуудал ар араасаа цуварсаар байгааг дахин хэлэхийг хүсэж байна.
Д. Чадраабал. Доктор, А. Буяннэмэх. СУИС-ийн багш. Стратеги ба стратегийн удирдлага. Стратеги, стратегийн удирдагын талаар эрдэмтдийн тодорхойлолтыг нэгтгэн нэгэн категорт оруулж, мөн өөрсдийн санаа бодлыг та бүхэнтэй хуваалцаж байна.
С. Галбадрах. ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн багш, доктор (Ph.D). Эдийн засаг дахь төрийн оролцоо, түүний хэм хэмжээний тухай. Өнөөгийн манай “данхгар”, “халамжлагч” төр (энэ нь бидний дээр өгүүлж байгаа төр сул байгаагийн шинж) эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж чадахгүй байгаа ба хойшид ч шийдвэрлэж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Цаашид энэ хүрээнд институциональ өөрчлөлтийг хийх нь өөрөөр хэлбэл эдийн засаг дахь төрийн оролцоог багасгаж, хувийн өмчийг тэтгэх, аж ахуйн үйл ажиллагааны хүрээг тодорхойлдог хууль эрх зүйн (өмчийн эрхийг хамгаалах) болоод зохион байгуулалтын бүтцийг (институци) бүрдүүлэх нь зах зээлийн харилцааг сонгодог утгаар нь төлөвшүүлэхэд зайлшгүй нөхцөл болон дэвшигдэж байна.

No comments:

Post a Comment